“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

PhotoЭрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Эрчим хүчний зохицуулах хороо хамтран “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд төр, хандивлагч орнууд, олон улсын санхүүгийн болон хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар хувийн хэвшлийг дэмжиж энэ салбарт тодорхой ахиц гарч байна.

2011 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэний үр дүнд 50 МВт-ын “Салхитын салхин цахилгаан станц”, Дархан-Уул аймгийн 10 МВт-ын нарны цахилгаан станц, Улаанбаатар хотын ойролцоо 10 МВт-ын нарны цахилгаан станц ашиглалтад орж Төвийн бүсийн эрчим хүний системд цахилгаан эрчим хүчийг тогтвортой нийлүүлж байна.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь 50 МВт-ын хүчин чадалтай хоёр дахь салхин цахилгаан станцын барилгын ажил явагдаж байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого 2015 онд Улсын их хурлаар батлагдсан бөгөөд нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүрнэ гэж заасан байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 120 МВт-д хүрээд байгаа юм.

Монгол улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох нар, салхи, ус, газрын гүний дулааны арвин их нөөцтэй. Энэ боломж нөөцдөө тулгуурлан сэргээгдэх эрчим хүчний салбараа бодлого, төлөвлөлттэйгөөр хөгжүүлэх шаардлагатай байна. Хэдийгээр манай улсаад сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжих таатай боломж, эерэг үзүүлэлтүүд гарч байгаа ч тулгамдаж буй асуудал болоод бодлогын зохицуулалт, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүх талын хамтын ажиллагаа, оролцоо нэн чухал тул төр засгийн болон шинжилгээ, судалгаа, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан эрчим хүчний хөгжлийн асуудлаар мэдээлэл солилцлох, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, туршлага мэдлэгээсээ хуваалцах, хамтын арга хэлбэр, олон улсын уур амьсгалын санхүүжилтийн механизмуудыг хэрхэн үр өгөөжтэй ашиглах талаар танилцуулан санал солилцлоо.