Манай улс 1990 оноос хойш Даланзадгадын 6 МВт чадалтай жижиг ДЦС, Дөргөн, Тайширын 11-12 МВт чадалтай бага чадалтай УЦС, хэд хэдэн сумын төвд улирлын (зуны) ажиллагаатай хэд хэдэн бичил УЦС-ыг эс тооцвол томоохон чадалтай цахилгаан станц шинээр байгуулаагүй учраас  нэг талаар, цахилгаан станцуудын тоног төхөөрөмж маралын болон материалын эсэргүүцэлд орж, нөгөө талаар, Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн том үйлдвэрүүд байгуулагдах болж байгаатай уялдаж цахилгааны хүч чадал дутагдалтай болж байгаа учраас ойрын хугацаанд том хүч чадалтай цахилгаан станц байгуулах хэрэгтэй болоод байна.

Атомын цахилгаан станц (АЦС) байгуулна, Тавантолгой, Оюутолгойд томоохон чадалтай ДЦС байгуулна, Могойн голын уурхайг түлшжүүлж 60 МВт чадалтай ДЦС гэх мэт олон цахилгаан станц байгуулах тухай яригдаж байна.

Гэвч цахилгаан станц байгуулахад их хэмжээний хөрөнгө, цаг хугацаа шаарддаг учраас хөрөнгө зардлыг үр ашигтай зарцуулах талаас нь авч үзвээс хаана ямар чадалтай цахилгаан станц байгуулах вэ? гэдгийг техник эдийн засгийн үзүүлэлтийн үндсэн дээр шийдвэрлэдэг байна.

Бидний тооцоо судалгаанаас харахад дотоодын хэрэгцээг хангахын тулд эхний ээлжинд Тавантолгойн уурхайг ДЦС, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгуудын цахилгааны хэрэгцээг хангах зорилгоор Могойн голын уурхайг түлшжүүлж, Завхан аймгийн Тэлмэн суманд эхний ээлжинд 24 МВт ДЦС тус тус байгуулж, Говийн гол дээр дээр дурьдсан 3 аймгийн цахилгааны хэрэгцээ нэмэгдэхтэй уялдуулж дээр дурьдсан 2 ДЦС-ын чадлыг цаашид тодорхой үе шаттай өргөтгөх нь хэрэгтэй юм.

Манай улсын өнөөдөр үйлдвэрлэж, хэрэглэж байгаа цахилгааны 90 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа Төвийн бүсийн Эрчмийн систем (ТБЭС) нь том, бага чадалтай, дулаан-цахилгааны хослуулж үйлдвэрлэдэг Таван Дулаан цахилгааны төв, манайхны ТЭЦ (Теплоэлектоцентраль) гэдэг станцаас бүрдэж байгаа юм.

Энэ төрлийн цахилгаан станцын цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг үндсэн тоноглол буюу уурын зуух, турбины хүйтэн байдлаас “асааж явуулахад” наад зах нь л 3-4 цагаас багагүй хугацаа шаардагддаг, цахилгаан , дулааны ачаалал (хэрэглээ)–ыг нь богино хугацаанд огцом нэмж, хасаж болдоггүй, “маневрлах чадвар” муутай станцууд юм. Ганц хоёрхон минутад багтааж явуулж, ачаалал авахуулж, ачааллыг огцом нэмж, хасаж болдог УЦС, УХЦС зэрэг станцыг маневрлах чадвар сайтай станц гэж нэрлэдэг. Жишээ нь: Улаанбаатар хотын ДЦС-4 дээрх 80 буюу 100 МВт чадалтай машин (турбогенератор) гэнэт аваариар зогслоо гэхэд эсвэл тэр хүч чадлыг эгшин зуурт нөхөн оруулах, эсвэл Улаанбаатар хотыг харанхуй болгох юмуу, “Эрдэнэт” үйлдвэрийн цахилгааны хангамжийг таслах хоёр зам бий. ОХУ-ын Зүүн Сибирь (Эрхүү) –ийн Эрчмийн системд жил бүр 160 МВт чадал захиалж, ийм их чадал захиалчихаад “хэрэгтэй үедээ авна” гээд суугаад байж болдоггүй, “та нар захиалсан чадлаа аль болох олон цаг ашигла” (их цахилгаан ав) гэдэг шаардлагыг ОХУ –ын талаас тавьдаг тул бид жил бүр 130-140 сая кВт.ц цахилгаан импортоор авч, захиалсан чадал, авсан цахилгааныхаа үнэ гэж жил бүр 4 сая гаруй ам.доллар төлдөг юм. Оросоос Монголд нийлүүлдэг чадал, цахилгааныхаа үнийг нэмсэн учраас өнөө жилээс 4 саяас их ам. доллар төлөх байх. Тийм учраас, төвийн болон говийн бүсэд өнгөрсөн жилүүдэд дутагдах хүч чадлыг хаах дээр дурьдсан томоохон чадалтай ДЦС- ыг байгуулахын зэрэгцээгээр ТБЭС-ын чадлын бүтцийг сайжруулж, ОХУ-джил бүр чадал захиалдаг “дарамтаас” гарахын тулд Улаанбаатарт, эсвэл Эрдэнэтэд 120-140 МВт чадалтай Ус хуримтлуурт цахилгаан станц (УХЦС) шаардлагатай байгаа юм.

Дээр, дор 2 түвшинд байрлуулсан хоёр усан сантай, системийн шөнийн бага ачааллын үед, цахилгааны хүч чадал илүүдэлтэй, цахилгааны үнэ хямд “өдрийнхөөс 2 дахин” байх оройн 22 цагаас өглөөний 6 цаг хүртэлх хугацаанд доод сангийн усаа дээд сангийн ус руугаа шахан нөөцөлж, системд аваарь, саатал гарч хүч чадал дутагдах болон оройн их ачааллын үед дээд сангийн усаа доош буулгаж УЦС-ын горимоор цахилгаан үйлдвэрлэдэг энэ станц дор дурьдсан хэд хэдэн давуу талтай. Үүнд:

  • Бага хэмжээний усыг дээш, доош шилжүүлэх замаар цахилгаан үйлдвэрлэдэг учраас жирийн УЦС шиг их ус хуримтлуулдаг усан сан хэрэггүй байдаг. Жишээ нь, Тайширын 11 МВт чадалтай жижиг УЦС-ын тасралтгүй ажиллагааг хангахын тулд 940 гаруй шоо метр ус хуримтлуулсан бол түүнээс 10 дахин их чадалтай УХЦС–д ердөө л 10 сая шоо метр ус хуримтлуулах сан байхад хангалттай юм.
  • Ийм бага ус хуримтлуулдаг, мөн олон метр өндөр далан байгуулах шаардлагагүй учраас жирийн УЦС-ын үнэд 80 гаруй хувийг эзэлдэг том усан сан, өндөр далан зэрэг өндөр үнэтэй усны барилга байгууламж байгуулах зардал хэмнэдэг.

Тиймээс барьж байгуулах хугацаа ч багасдаг учраас 100 МВт чадалтай УЦС байгуулахад 5 жилээс наашгүй хугацаа хэрэгтэй бол ийм чадалтай УХЦС- ыг ердөө л 1,5-2 жилд багтааж байгуулах боломжтой юм.

Дээр дурьдсан зүйлсийг нэгтгэж дүгнэж үзвээс, ТБЭС-д 120-140 МВт чадалтай УХЦС яаралтай байгуулах хэрэгтэй  бөгөөд үүний тулд 100 орчим сая ам.долларын хөрөнгийг улсын төсвөөс гаргах, эсвэл гадаадын шууд хөрөнгө оруулах замаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж болно.

Манай улсын жижиг ТБЭС-д АЦС томдоно. Тэгээд ч асар их нүүрсний нөөцтэй манай улсад ойрын хунацаанд АЦС байгуулах шаардлагагүй.

Дэлхийд цөмийн түлшний нөөцөөрөө 1-рт ордог Австрали улс манайхаас олон арав дахин их нийлдбэр чадалтай цахилгаан станцтай боловч АЦС байгуулах тухай өнөөг хүртэл огт ярихгүй байдаг нь “нэг юм хэлээд байгаа”  хэрэг л дээ.

Энэ асуудлыг цахилгаан станц, цахилгааны систем, тэр дундаа АЦС гэж юу байдаг, тэднийгямар горим журмаар ажилуулбал үр ашигтай, улс орны цахилгааны хангамж найдвартай байдаг тухай өчүүхэн ч мэдлэггүй манай зарим онолын физикч, том албатай түшмэдүүд ярьж байгаа юм.

Ер нь бол хүнд элементийн цөмийн задралын урвалын үр дүнд ялгарч байгаа дулааныг ашиглаж, ус болон бусад шингэн ажиглаж, уур гаргаж, түүгээр уурын турбин ажилуулж, улмаар уахилгааны үүсгүүр (генератор) –ээр цахилгаан үйлдвэрлэж, цөмийн  эрчмийг “энх тайвны зорилгоор” ашиглаж болно гэдгийг өнгөрсөн зууны 50 –иад оны эхээр ЗХУ-ын зарим онолын физикчид тодорхойлж, 1954 онд Москвагийн ойролцоо дэлхийд анхны 5 МВт (өнөөгийн цахилгаан үйлдвэрлэх зорилгооор байгуулж байгаа АЦС-ын нэг реакторын цахилгааны чадал 120-140 сая мян МВт) чадалтай АЦС байгуулсан түүхтэй.

АЦС-ын боломжийг ийнхүү онолын физикчид тодорхойлсон боловч түүний зураг төслийг боловсруулахаас эхлээд барьж байгуулах, ашиглах бүх үйл ажиллагааг тэд биш, инженер-физикчид (манайд ганц, хоёрхон ийм мэргэжилтэй хүн бий) ба цахилгаан, дулааны инженерүүд хариуцан гүйцэтгэдэг юм.

Тэгээд ч АЦС байгуулахад, мэргэжилтэн бэлтгэх, тэднийг ийм станц ашиглах соёлд сургах зэрэгт 5-10 жил биш наад зах нь 20  жил шаардагдах юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.